Блог

НОМ БИЧИЖ, ХЭВЛЭСЭН ТУРШЛАГААСАА…

Г.ТҮМЭНБАЯР

Сургууль дээр маань Англи хэл заахаар ирсэн нэгэн австрали багшид анхныхаа номоо дурсгаж билээ. Жилийн дараа тэр багш дахиад манайд багшлахаар ирэв. Нэг өдөр өрөөнд маань орж ирээд: “Чамд нэг зүйлийг хэлмээр байна. Чиний дурсгасан номыг тэнд буй нэг монгол эмэгтэйд бэлэглэчихсэн. Тэгээд тэр монгол эмэгтэй чиний номыг уншаад Христэд итгэх талаар нухацтай бодож эхэлсэн шүү” гэж билээ. Хаа газарт байгаа үл таних, хэзээ ч учрахгүй эмэгтэйд ном маань хүрээд, Христитгэлийг танилцуулсан байдаг. Ингээд бодохоор “Ном бүр илгээлтийн эзэн” гэсэн үг үнэн болж таарч байна. Ном гээч нь бичигдээд, хэвлэгдэх хүртлээ амаргүй замыг туулж эцэст нь далай давж, тив дамнан уншигчдадаа ийн очно.

Одоогоор таван ном бичиж, төдий хэмжээний номыг хянан тохиолдуулжээ. Сүүлчийнх нь “Пасторын өчил-IV” ном болж байна. Энэ хугацаанд ном бичиж, эрхлэн гаргахдаа олж мэдсэн хувийн туршлагаасаа хуваалцъюу. Ерөнхийдөө үндсэн дөрвөн үе шатыг дамжсаны эцэст ном маань уншигчдад хүрдэг бололтой. Үүнд:

Г.ТҮМЭНБАЯР

БСТ-ийн багш, пастор

Г.ТҮМЭНБАЯР

Эдгээр алхмуудыг товчхон тайлбарлаваас:

  1. Номыг бичих эхний үе – Аль ч ном нэг өглөө сэрэхэд бэлэн болчихгүй. Эхлээд зохиолын санаа, утга агуулгын ерөнхий тойм зохиогчид төрнө. Зарим ном амархан болдог байх. Дэлхийн сонгодог зохиолуудаас цөөнгүй нь хориод жил болж байж бичигдсэн гэдэг. Ингээд бодвол харилцан адилгүй.

Орчуулгын ном ч гэсэн адилхан. Миний мэдэхээр Библийн тайлбар номын талаарх нэг бүтээл орчуулагдсан боловч хэвлэгдэлгүй арваад жилийн нүүр үзэж байна. Уг нь олон хүн оролцсон юмсан. Хянан тохиолдуулах явцад Библийн 2013 оны сайжруулсан орчуулга хэвлэгдээд. Үүнээс болоод бүх ашигласан Библийн эшлэлүүдээ сайжруулсан орчуулгаар солих болоод дахиад нэг хоёр жилээр хойшлох болсон. Одоог хүртэл хэвлэгдээгүйг бодвол хянан тохиолдуулах явц дуусаагүй, эсвэл эх бэлтгэл дээрээ л яваа биз.

Ном хэр удаан, хурдан бичигдэх нь агуулгаас шууд шалтгаална. Харин агуулга нь ямар төрөл жанраар бичигдэж буйгаас шалтгаална. Бэсрэг өгүүллэг, яруу найргийн төрлийн номууд хурдан бичигдэх нь лав. Харин тайлбар толь, толь бичиг, цуврал ном, эрдэм шинжилгээ судалгааны бүтээл, роман, тууж гэх мэт төрөл жанрын номуудын хувьд агуулга өргөн тул их ч цаг авна, олон ч хүн оролцоно.

 

  1. Номын эх бэлтгэлийн үе – Ном уншигчдад таашаагдаж, цаашид хэр зарагдаж борлогдох эсэх нь энэ үетэй шууд холбоотой. Муухан агуулгатай номыг сайхан хавцаслаж, будаг шунхыг нь тааруулбал сайн зарагдана. Хичнээн сайхан агуулгатай байгаад навсархай юм хийчихвэл ямар хэрэг байхав. Туулсан амьдралыг нь сонсохоор ном болгоод бусдад уншуулчихаар хүмүүс их байх юм. Тэгээд та үүгээрээ ном хийгээч гэхээр “Бичиж чадахгүй” гэцгээнэ. Энэ нь бичих арга барилаа мэдэхгүй байгааг, эсвэл компьютерт шивж чадахгүй байгааг хэлж буй хэрэг. Зарим сүүхээтэй нь бичих чадвартай хэн нэгнээс туслалцаа аваад ном бичсэн байх нь элбэг. Үүний буруу гэж үгүй.

Номын график дизайн гэх бүхэл бүтэн шинжлэх ухаан байна. Угаасаа Indesign, Photoshop, CorelDraw гэх мэт тусгай программуудыг ашигладаг. Тиймээс энэ тал дээр мэргэжлийн хүний туслалцаа авах хэрэгтэй. Эдгээр программтай ажиллаж чаддаг байсан ч ядаж зөвлөгөөг нь аваарай.

 

  1. Номыг хэвлэх үе – Зохиогч, орчуулагч гэх мэт над шиг хүмүүст энэ тал дээр бараг оролцоо байхгүй. Гол нь хэвлэх зардлаа олоод, олигтойхон хэвлэлийн газраа л олоход болно. Мэдээж хэвлэснийх нь дараа чанарыг нь шалгаад л болоо. Бүх юманд хэрэг болдог мөнгөө л олчихсон байхад учир бий. Гэхдээ хэвлэлийн газраа зөв сонгохгүй бол горьгүй. Дөрөв дэх номоо төлбөрийн нөхцлөөс нь болоод туршлагагүй хэвлэлийн компаниар хэвлүүлчихсэн маань надад том сургамж болон үлдсэн. Хаяа энэ тухай бодохоор, тэр номоо харахаар халуун салхи нүүр рүү үлээх шиг аягүй мэдрэмж төрдгийг нуух юун.

 

  1. Номыг борлуулах үе – Үүнд хоёр л зам байна. Нэг бол өөрөө номоо үүрээд, үүргийн худалдаачин шиг зарж борлуулах. Эсвэл бусдаар заруулах. Бусдаар ч юу байхав, номын дэлгүүрүүдээр зарж борлуулах. Эхнийх нь богино хугацаанд, олон ширхгээр зарах боломжтой арга зам. Дундаас нь ямар нэгэн шимтгэл суутгалын зардалгүй. Харин гутлаа элэгдтэл алхаж, учирсан хүн бүртээ номоо гудиггүй сайхан рекламдах л хэрэгтэй. Удаах нь мэдээж их цаг орно. Хэдэн жил ч болж мэднэ. Анхнаасаа үнэгүй тараагдахаар хэвлэгдсэн бол өөр хэрэг. Үүнээс гадна номын дэлгүүрүүд 25-30% шимтгэлийг ном бүрээс авдаг. Энэ ч аргагүй. Тэдэнд талбайн түрээс, ажилчдын цалин, урсгал зардал гээд бишгүй зардал бий. Үүнээс өөр арга бий юу? Бий. Гэхдээ та шахаа хийж төрийн мөнгийг зайдлах “ичих нүүргүй” сайд дарга биш бол энэ тухай бодоод хэрэггүй.

Зарим нэг зальжин нөхдүүд номын дэлгүүрээр номоо үнэтэй зараад, гар дээрээсээ хямдхан зардаг. Өөдгүй, башир арга л даа. Бүр ичихгүй “зохиогчоос, орчуулагчаас нь шууд авбал хямдхан” гээд зарлаж байх жишээтэй. Ингэдэг нь яаж байгаа юм бэ? гэхээр “шууд гар дээрээс авч байгаа, тээврийн зардал шингээгүй” гэнэ. Өөрөө болж байвал болоо гэсэн хувиа хичээсэн зангийн илрэл. Зүй нь, номын дэлгүүрийн үнээр тэр тусмаа гар дээрээс зарах ёстой. Болдог бол дэлгүүрээсээ ч илүү үнэтэй зарах учиртай. Ингэснээр номын дэлгүүрүүдээ дэмжихээс гадна уншигчдыг номын дэлгүүрээр ордог болгоход хүргэнэ. Эцэстээ энэ нь номын худалдааг дэмжиж буй хэрэг юм.

 

Нэгэнт ном бичиж, хэвлэн нийтэлсэн туршлагаасаа хуваалцсаных. Зарим нэг олж авсан хувийн туршлагаасаа уншигчдадаа өгүүлье. Хэзээ нэгэн цагт хэрэг болох ч юм билүү, хэн мэдлээ.

  • Номынхоо нэрийг сайн бодож өгөөрэй. Миний анхны номын нэр шүлгийн мөр шиг урт байсан. Хэлэхэд залхмаар. Дээр нь уншигчдыг төөрөлдүүлмээр. Нэг хүн “Түүхийн ном юм уу, үлгэрийн ном юм уу?” гэж асуусан гээд бод. Үүнээс хойшхи номуудынхаа нэрийг аль болох товчхон өгөхийг зорьсон. Гэхдээ товч бол сайн гэсэн үг биш. Болж өгвөл товч, гол нь уншигчдын сонирхол, харцыг татахуйц байх.
  • Овоож оцойтлоо ашиг олохгүй байг гэхэд олон хүн уншаасай гэж бодож байгаа бол номынхоо хавтсанд анхаараарай. Дээр хэлснээ давтан хэлье. Үүн дээр мэргэжлийн дизайнер, эх бэлтгэгчийн зөвлөгөөг аваарай.
  • Ном чинь гарангуутаа “бестселлер” болчихгүй. Нэлээн олон ном бичсэний эцэст “бестселлер” бичих байх. Эсвэл олны танил хүн бол магадгүй. Нэмэлт төлбөр төлөөд номын дэлгүүрүүдэд байдаг “Бестселлер”-ийн тавиур дээр номоо хэдэн долоо хоног байрлуулж харин болох байх. Энэ бол номоо зарах менежментийн нэг сайн арга. Үүнчлэн өөр олон аргаар номоо зарж борлуулах тал дээр та анхаарах хэрэгтэй. Дан ганц дэлгүүрүүдэд найдаж болохгүй. Ардын багш Арго яадгийг санаж байгаа биз дээ? Христэд итгэгчдийн хувьд “ёсзүй”-гээ л баримталж байвал бүх талаар номоо рекламдаж болно.
  • Манай христийнхэн угаас буян нь дэлгэрсэн хүмүүс. Бидний олонхи маань үнэгүй юм авах дуртай байдаг нь үнэгүй юм их авч байсных. Өөрөөр хэлбэл, таны ном төслийн номуудтай өрсөлдөнө. Төслийнхөн ашиг хардаггүй. Ихэнхдээ орчуулгын номууд төслөөр орчуулагдаж, хэвлэгддэг. Тэд мянга мянгаар нь, зуу зуугаар нь орчуулгын номоо бэлэглэнэ. Бэлэглэгчээс орчуулгын зардал, хэвлэлийн зардал гараагүй, цаанаасаа төслөөсөө гарсан болохоор маш баяртай өгнө. Таны уншигчдын дийлэнх нь “хэн нэгэн хүн, хэзээ нэгэн цагт энэ номыг бэлэглэнэ” гэж хүлээж буй. Эсвэл “хэн нэгнийг уншаад дуусахаар, түр зээлж аваад уншина” гэсэн бодолтой буй. Төслийнхний олон жилийн уршиг нь энэ юм.
  • Тэгвэл үл итгэгчдийн хувьд яах вэ? Тэд харин ашиг харна. Аргагүй. Ашиггүй бол анхнаасаа орчуулахгүй, эсвэл ном бичихгүй байх байсан. Тийм болохоор тэд “бестселлер” болчихсон номыг сонгож орчуулдаг. Өөрөөр хэлбэл, тэр ном анхнаасаа зарагдах нь тодорхой байсан гэсэн үг. Нэр алдар нь дэлхийд түгсэн номтой таны ном өрсөлдөнө.
  • Орчуулгын ном болгон төслийнх байдаггүй гэдэг нь дээрхээс тодорхой байна. Алдар цуутай номын “орчуулгын эрх” олдоход хэцүү, олдлоо ч төлбөр өндөртэй байдаг. Арваад жилийн тэртээ манай сургууль Рик Воррен пасторын “Зорилгоор удирдуулсан амьдрал” гээд христитгэлийн сонгодог бүтээлийг ном ёсоор нь орчуулах болов. Ном ёсоор гэдэг нь зохиогчоос эрхийг нь авах гэж хэдэн жил зарж, ашгүй нэг юм эрхийг нь авав. Уг зохиолыг орчуулахын тулд орчуулагч ажилд авав. Цалин хөлсийг нь ч төлөв. Орчуулга ид дундаа ороод явж байтал нэг солонгос миссионер Солонгос хэлнээс өнөөхийг орчуулаад, аль хэдийн хэвлээд зардаг байна шүү. Тэрэнд зохиогчоос зөвшөөрөл авах байтугай, солонгос орчуулгынх нь ч эрх байгаагүй. Ингээд уг орчуулгыг зогсоохоос өөр аргагүй болж билээ. Харамсалтай нь одоо бид тэрхүү сонгодог зохиолыг эх хэлнээс нь биш, солонгос хэлнээс орчуулсныг нь уншиж байна.
  • Сургуулийнхаа орчуулгын албанаас орчуулсан нэг номыг хянан тохиолдуулах гэж оролдож билээ. Ёстой бараагүй. “Хүний орчуулсныг зассанаас, өөрөө орчуулсан нь дээр юм байна” гээд больсон. Удалгүй сургуулиас маань надад ном орчуулах санал тавьсан юм. Би оролдож үзээд, “за за, миний бардаг ажил биш байна, орчуулснаас өөрөө бичсэн нь дээр юм байна” гээд орхисон. “Бух өтлөхөөрөө цаазанд, буриад өтлөхөөрөө орчуулагч” гэдгээр өтөлсөн хойноо орчуулга оролдъё гэж бодож байна. Үүнийг өгүүлэхийн учир нь, төслийнх ч бай, ашгийнх ч бай орчуулга хийнэ гэдэг угаас амаргүй. Хүлээж хүлээж арай ядан зөвшөөрүүлж, хөлс мөнгийг төлж авсан орчуулгын эрхээ эдлээд орчуулах гэдэг амаргүй. Орчуулагчид төлөх төлбөрөөс гадна орчуулгын явц нь өөрөө удаан, ажиллагаа ихтэй. Орчуулагчийн ур чадвар муу бол тэр чигээрээ алдагдал. Дээр нь саяын жишээгээр орчуулгын эрхийг үл тоох нөхдүүд өрсөх аюултай.
  • Ингээд болоогүй. Үүнээс муу нь гэвэл манай улсын зах зээлийн багтаамж жижиг, тэр тусмаа номын зах зээл бол бүр жижиг. Муу дээрээ муухай, муухай дээр улцан гэдэг шиг манай Монголчууд ном уншдаггүй ард түмэн. Ном уншдаг, ном уншдагаараа бахархан байсан үе нь аль Социализмын үе. Тэгэхдээ өнгөрсөн зууны 70-90 оны хооронд юм шиг байгаа юм. Ном уншдаг, номын хорхойтой, уншдаг байрын хүмүүс голцуу энэ үеийн хүмүүс байгаа харагддаг.
  • Бүр муу мэдээ гэвэл ном уншдаг хүмүүс нь таны номыг унших, тэр байтугай сонирхох ч албагүй. Христитгэлийн агуулгатайг чинь мэдвэл “шашны” гээд халгаахгүй. Христийнхэн нь яадгийг тэртээ тэргүй дээр цухас өгүүлсэн. Энэ бүгд дээр нэмээд эдийн засгийн хямралаас болоод хүмүүс номтой манатай л байна. Тиймээс, таны ном 4-7 жилдээ зарагдвал дээдийн заяа (хэдэн ширхэг хэвлэгдсэн нь үүнд шууд хамаатай).
  • Долоон жилээ хүлээлгүй номоо дуусгах нэг арга бий. Тэр нь бусдад зүгээр л өгөх, бэлэглэх, дурсгах, түгээх, тараах… Дуусгах ч албагүй л дээ. Гэхдээ дуусвал ядаж агуулах чинь суларна. Гол нь хүмүүс номыг чинь уншина. Ингэхэд ашгаас гадна хүн уншаасай гэж бичсэн биз дээ? Ядаж энэ зорилго чинь биелнэ.
  • Багануураас цааш Дархан, Эрдэнэтийг эс тооцвол орон нутагт ном зарагддаг болов уу? гэж хаяа би боддог юм. Хөдөөгийнхнийг доош нь хийж байна гэж битгий бодоорой. Их хөлийн газар, хамаг хөрөнгө мөнгө, зах зээл нь төвлөрсөн хотод ийм байгаа юм чинь гэж бодохоор өөрийн эрхгүй тэгэж бодогдоод байдаг юм. Саяхан өнгөрсөн хугацаанд хэвлүүлсэн номынхоо тооцоог нягталлаа. Тэгсэн дунджаар 7 ном бүрийн 1-ийг нь зүгээр л бэлэглэсэн, тараасан байх юм. Үнэгүй тараагдсан номуудын дийлэнх хувь нь орон нутагт оногдож байна. Сум гэхгүй. Ядаж номын дэлгүүртэй аймгийн төв хэд байдаг бол?
  • Ном бол талх биш, хувцас ч биш. Мөр бүтэн, гэдэс цатгалан хүн ном уншъя гэж бодно. Уг нь номыг “оюуны талх” гэж өхөөрддөг л дөө. Гэвч эдийг дээдэлж, мөнгийг шүтсэн нийгэмд оюуны тураал онцын аюултай санагдахгүй. Дунд сургуулийн сурах бичиг л биш бол манайд ямар ч ном тийм санаснаар, хэдэн зуугаараа хурдан зарагддаггүй. Ном эрхлэгч хүн бүр үүнийг сайн мэднэ. Ном орчуулж, эсвэл бичээд баяжна гэдэг юу л бол. Тэгэж чадсан хүн улсын хэмжээгээр нэг хоёр л байж магад. Нэг бол томоохон шахаа олсон, эсвэл хэн нэгнээр ивээн тэтгүүлсэн бол цулайж болох. Тэгэж чадсан хүн ч цөөхөн. Тиймээс Христийнхэн ном бичиж, орчуулахаа бизнес гэхээсээ “үйлчлэл” гэж итгэнэ. Тэгээд зарлагаа нөхвөл ихэд мишээнэ.
  • Ингээд олж авсан туршлага мэдлэгээ урамгүй муугаар дуусгахгүй ээ. Сайн мэдээ байна аа, байна. Сайн мэдээ гэвэл ямар ч ном 10-20 жилийн дотроо зарагддаг, яаж ийж байгаад гүйлгээнээс хасагддаг. Үүнээс бүр сайн мэдээ гэвэл гүйлгээнээс хасагдаад аль эрт мартагдсан хойно хэн нэгэнд маш их хэрэгтэй болдог. Гайхалтай шүү. “Багадаа нэг тийм ном уншиж байсан. Тэрийг одоо хаанаас олох вэ?” эсвэл “Нэг тийм чухал ном байсан гэнэ. Олдоггүй ээ, олоод өгөөч” гээд сураад явдаг.

 

Эцэст таны ном энэ “цөвүүн” цагийг гэрэлтүүлэн гийгүүлээд, хожим хойтдоо ч гэсэн цагийн шалгуурыг давсан “эрээд эрээд олдоггүй, сураад сураад олдоггүй” эрдэнэ болох болтугай гэсэн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

One thought on “НОМ БИЧИЖ, ХЭВЛЭСЭН ТУРШЛАГААСАА…

  1. Зулаа says:

    Баярлалаа.
    Орчуулын эрхээ аваагүй хэвлэчихдэг хүмүүс байдаг гэлээ. Тэр хүмүүст тооцох хариуцлага гэх юм байдаггүй юм болов уу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *